Wednesday, March 23, 2011

Шинэ ном худалдаанд

Хэрэв та чихрийн шижин өвчинтэй бол өөрийгөө зарим нэр төрлийн хоол хүнсийг эрүүл хүмүүсийн адилаар идэж болохгүй, тэр ч бүү хэл олон нийтийн аливаа арга хэмжээнээс таашаал авч чадахгүй гэж бодож байж магадгүй. Тэгвэл “Чихрийн шижин өвчинтэй хүнд зориулагдсан хоолыг хурдан хийх арга” номноос Та хоолныхоо сонголтыг, хийх аргыг, хооллох хэв маягаа танд таашагдахаар хэрхэн яаж зөв өөрчилж болохыг сурч, ингэснээрээ цусан дахь сахарын хэмжээгээ илүү үр дүнтэй хянаж, сэтгэл хангалуун амьдрахад тань туслах болно.



Өмнөх үг

Жилээс жилд та бидэнд чихрийн шижин өвчний тухай мэдээлэл ямар нэгэн байдлаар ирсээр, нэг мэдэхэд л магадгүй таньд эсвэл таны төрөл садан, найз нөхөд, таньдаг, мэддэг хүмүүст энэ өвчний онош тавигдсан байгааг та анзаарсан уу? Энэ өвчний онош тавигдах тэр мөчид та өөрөө, таны найз нөхөд хэрхэн яаж хүлээж авсан бэ? Бодитойгоор нүүрлэж ирсэн таны амьдралын хэм маягийг эрс өөрчилж байгаа, энэ эдгэрдэггүй, амь насанд занал хийлсэн өвчинтэй та хэрхэн тэмцэж байна вэ? Энэ өвчний цаашдын тавилан эмийн эмчилгээнээс илүүтэйгээр танаас, бүр тодруулбал таны хооллолтоос маш их шалтгаалдаг гэдгийг та хүлээн зөвшөөрч байна уу? Магадгүй та зөвхөн бор талх, байцаа, бор будаа, үхрийн хар махаар хооллож болохыг эмч зөвлөсөн гэж сэтгэл гонсгор хариулах байх. Өөр сонголт байж болохуу? Чихрийн шижин өвчинтэй хүмүүс хэрхэн яаж зөв хооллох вэ?

Миний бие дотрын эмчээр 17 жил ажиллах хугацаандаа, үйлчлүүлж байгаа хүндээ ямар нэгэн өвчний онош тавьж, өвчний явц, тавиланг тайлбарлаж таниулахад тэднээс янз бүрийн сэтгэл хөдлөл илэрдэгийг мэднэ. Тухайлбал, чихрийн шижин өвчний онош тавигдсан дараах мөчид эрэгтэй, эмэгтэй хүмүүст нийтлэг байдлаар дийлэнхдээ сэтгэл гутрал хүчтэй илэрдэг. Үүний голлох шалтгаан нь хоолны цэс, хооллох хэв маяг эрс өөрчлөгдөхөөс болдог. Учир нь дийлэнхдээ удамшлын шалтгаантай байгаад амьдралын буруу хэв маягаас болж хожуу илэрдэг чихрийн шижин өвчний хоёрдугаар хэлбэрээр буруу хооллодог, аливаа амттан, хоолыг замбараагүй хэт их иддэг, жингийн илүүдэлтэй, дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүс өвчилдөг. Чихрийн шижин өвчний онош тавигдсан тэр үеэс эдгээр хүмүүсийн амьдралын хэв маяг тэр чигээрэ өөрчлөгдөж эхэлнэ. Ялангуяа, шунан дурладаг хоол, амттанаа идэж чадахгүй болж, цаашид зөвхөн зөвшөөрөгдсөн гэгдэх хэдхэн төрлийн амтгүй, сонголтгүй хоол идэх болж энэ нь тэдэнд сэтгэл гутрал, стрессэд оруулах гол шалтгаан болдог. Гэтэл энэ сэтгэл гутралын байдал нь эргээд цусан дахь сахарын хэмжээг нь шууд ба шууд бус байдлаар ихэсгэдгийг харамсалтай нь тэд хараахан мэддэггүй.

Иймээс эмч миний бие одоогоор чихрийн шижин өвчнөөр нэрвэгдээд байгаа, бас ирээдүйд энэ өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй хүмүүст, ер нь эрүүл хооллохыг хүсч байгаа хүн бүрт зориулж, та бүхэнд сэтгэл гутралгүйгээр эрүүл зөв хооллох өргөн боломж байгааг, тэр хоол хүнсийг хэрхэн яаж зөв сонгож, төвөггүйгээр хийж болох аргыг танилцуулахыг хичээлээ. Ингэснээрээ таны сэтгэл санаа эрүүл мэндийн байдал сайжирч, эмчилж байгаа эмч биднийг баярлуулсан үр дүнд хамтдаа хүрэхийг зорьж энэхүү номыг англи хэлнээс орчуулан та бүхэнд хүргэж байна.

Чихрийн шижин өвчинтэй хүмүүст туслах чин хүсэл сэтгэлээрээ энэхүү номыг бичиж хэвлүүлэхэд хүргэсэн, хянан тохиолдуулж, засан найруулахад үнэт цагаа зарцуулан сэтгэл харамгүй туслалцаа үзүүлж, ивээн тэтгэсэн “Ами” ХХК-ийн захирал Ж.Энхтуяа болон түүний гэр бүлд гүн талархал илэрхийлж байна.

Сайн үйл дэлгэрэх болтугай.

Анагаах Ухааны Магистр,

Дотрын тэргүүлэх зэргийн их эмч

Дэмчиг овогтой Солонго

Дэлгэрэнгүй мэдээллийг: 91918040

1 comments:

ulemj said...

ene nomiig haanaas yaaj avah ve? holboo barih medeelel oruulj uguuch bayrlalaaa